СУМЫН 100 ЖИЛИЙН ЛОГО, УРИА ҮГ

100 жилийн ойн баярын лого, уриа үгний талаар цахим хурал зохион байгуулж хуралд Нутгийн зөвлөлийн дарга Л.Болдсайхан, гишүүн Ж.Бат-Ирээдүй, Х.Мөнхбаяр, Б.Наранцэцэг, Б.Ойдовдорж нар Заг сумаа төлөөлөн ой зохион байгуулах комиссоос М.Батбаяр, Д.Гантуул, Д.Дэлгэрцэцэг, Б.Ууганбаяр, Б.Бүдханд, нар оролцож санал бодлоо солилцож сумын логоо, уриа үг сонголоо /Сумын ИТХ-аар төслөөр орж эцэслэн батлагдана/.

1. ЛОГО ТАЙЛБАР:

  • "1”-ийн тоо нь Монголын нууц товчоонд орсон "ЗАГ, БАЙДРАГ"-ийн "Хүрэн Бэлчир"-ийн бэлгэдэл хөшөөг “Чандмань хайрхан"-ы дээр байгаагаар дүрсэлсэн бөгөөд орой дээр нь Эзэн Чингис хааны Цагаан сүлдийг дүрсэлсэн.

  • "00"-ийн тоо нь хязгааргүй үргэлжлэх цаг хугацааны бэлгэдэг байхаас гадна үндсэн хэлбэр нь 100 жилийн ой тохиож буй “ЛУУ ЖИЛ"-ийн хэлбэрийг агуулсан.

  • Луунаас урсаж буй ус нь “ЗАГ, БАЙДРАГ"-ийн голыг дүрсэлсэн.

  • Урсаж буй ус нь "ЗАГ СУМ” гэсэн бичиг дээр урсаж байгаа нь Мөнхийн ундаалга гэсэн агуулга юм./Логооны загвар бүтээн гаргасан Б.Ойдовдорж/

2. Уриа үг “Заг нутаг-жаргалын орон” /Уриа үг зохиосон Хэл шинжлэх ухааны доктор Ж.Бат-Ирээдүй/

ТАЙЛБАР:

  • Загийн гол - эх дэлхийн минь байгалийн үзэмж төгс цогцолсон, дахин давтагдашгүй ховор нэгэн тогтоцтой өвөрмөц нэгэн - өв нутаг. • Загийн гол - өнө эртний түүхтэй, их эзэн Чингис хааны бууж мордон, алдарт Монголын нууц товчоон сударт дурдсан ариун дагшин - түүхэн газар.

  • Загийн гол - уугуул, суугуул иргэдийн уураг тархины соронз болсон ухаан бодолд уяатай - унасан газар, угаасан ус.

  • Загийн гол - Монголд төдийгүй дэлхийд Монголын нэрийг дуурсгасан утга зохиол, урлаг, соёлын зүтгэлтнүүд, шинжлэх ухааны эрдэмтдийг төрүүлсэн - өлгий нутаг.

  • Загийн гол - хүн, малыг ариун усаараа ундаалж, хөдөлмөрч олон нь жаргал цэнгэлд умбасан - жаргалын орон.

2024-02-20 00:00:00