Засаг даргын мэндчилгээ

Эртний түүхийн өлгий нутаг Заг сумын ард иргэдийнхээ амар амгаланг эрэн мэдчилье.

Монгол Улсын хувьд ядуурал, ажилгүйдэл эрс буурахгүй, хот хөдөөгийн хөгжлийн түвшний ялгаа улам ихэсч, үндэсний орлогын тэгш бус хуваарилалтаас үүдэлтэй нийгмийн тэнцвэргүй байдал гүнзгийрэх чиг хандлагатай болж, хүний хөгжил удааширч байгаа нь богино хугацаанд эдийн засгаа эрчимтэй хөгжүүлэх, тэр тусмаа орон нутгийн жигд хөгжлийг хангах хэрэгцээ шаардлагыг бий болгож байна.

Монгол Улсын Их Хурал 2001 онд “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, 2008 онд “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг баталснаар 2021 он хүртэл бүс нутгийн хүрээнд аймаг орон нутгийг эдийн засгийн талаар бие даан хөгжүүлэх бодлогоо тодорхойлсон байдаг. Энэхүү бодлогод нийцүүлэн сум орон нутгийн түвшинд дунд болон урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөтэй болох асуудал маш чухал юм. Уг асуудлыг шийдвэрлэхэд нутгийн иргэдийн идэвхтэй оролцоотойгоор, хэрэгцээнд суурилсан хөгжлийг төлөвлөх, түүндээ бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, орон нутгийнхаа нөөц бололцоонд түшиглэн эдийн засгийн салбаруудыг хөгжүүлэх, өрсөлдөх чадвар, бүтээмжийг дээшлүүлэх, төр, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалан нөөцийг нь зөв зохистой ашиглах зэрэг шинэ үзэл баримтлал, шинэлэг арга замаар хандах нь нэн шаардлагатай болж байна.

Заг сум нь газар нутгийн хувьд говь, хангай, тал хээр хосолсон өвөрмөц тогтоцтой мал аж ахуй, газар тариалан эрхлэх таатай нөхцөл бүрдсэн гурван бүсийн нутагтай алт, нүүрс гэх мэт байгалийн баялаг ихтэй, хүн ард нь ажилсаг, оюунлаг, авъяаслаг ард түмэн билээ.

Дээрх шаардлага, нөөц бололцоондоо тулгуурлан иргэдийн ажилгүйдэл ядуурлыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэн амьдрал ахуйг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай чанартай хүргэх, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалан баялагийг зүй зохистой ашиглах зэрэг тулгамдсан асуудлуудад хөрөнгө, хүчээ төвлөрүүлж, хөгжлийнхөө алсын хараа, зорилго, зорилтоо тодорхойллоо.

Засаг дарга миний хувьд сумынхаа онцлог нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, одоогийн хөгжил, давуу болон сул тал, боломж бололцоо, ард олны оюун билэг, авьяас чадварын шавхагдашгүй хүчин зүйлд тулгуурлан хөдөө орон нутгийн иргэдэд эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, төлөвлөх арга барилд суралцах бизнесийн өрсөлдөх чадвар бүтээмжээ нэмэгдүүлэх бүхий л тал дээр хамтран ажилладаг бүх шатны төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, Улаанбаатар хот, аймгийн нутгийн зөвлөл, нутгийн  уугуул иргэдэд талархал илэрхийлье.

Бидний өвөг дээдэс үеийн үед сайн ажиллаж, сайхан амьдарч, өөрийн нутаг усныхаа нэр төрийг өндөрт өргөсөөр ирсэн түүхтэй билээ. Дэлгэр өлгий нутаг, тэгш сайхан байгаль, онгон тагшин уул ус, унасан газар шороогоо унаган төрхөөр нь нандигнан хадгалж, цэвэр ариунаар нь хайрлан хамгаалж, бидний үед өвлүүлж ирсэн ухаантай, буянтай хүмүүсээ. Тэдний үндэстнийхээ өв, бүтээсэн бүхнийг өнгөтэй өөдтэй байлгаж, даяарчлалын нийгмийн жишгээр хөгжүүлж, хойч үедээ хүлээлгэн өгөх хариуцлагатай, хүндтэй үүрэг бидэнд түүхэн хувь тохиолоор ногдсон билээ.

Үүнийгээ гүнээ ухамсарлаж “Хүний хөгжил, уламжлалт ёс заншлаа дээдлэн дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал хөгжсөн, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, хөдөө аж ахуйн салбарын хөгжлөөр өрсөлдөхүйц сум болно” гэсэн эрхэм зорилгыг алсын хараагаа болгосон сумын хөгжлийн стратеги төлөвлөгөө, түүнд дэвшүүлсэн зорилго, зорилтууд, хөтөлбөр, төслүүдийг ажил хэрэг болгон сумынхаа хөгжил дэвшилд өөрчлөлт авч ирэх үйлсэд дан ганц төр, захиргааны байгууллага бус манай бүтээлч, хөдөлмөрч иргэд, нутгийн уугуул иргэд, сумаас төрөн гарсан эрдэмтэн мэргэд, төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчид та бүхнийг бие сэтгэл, хөрөнгө хүчээ зориулна гэдэгт итгэлтэй байна.

ЗАГ НУТАГ МИНЬ ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИХ БОЛТУГАЙ.

 

2024-01-01 00:00:00